231 ширхэг Афганистаны соёлын үнэт зүйлсийн үзэсгэлэн Хятадад дэлгэгдлээ
2019-05-15 11:29:04 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Кабулын энэ сарын 13-ны өдрийн цахилгаан мэдээ

Синьхуа агентлагийн сурвалжлагч Чэн Шинь Жөү Дэлү

Чинхуа их сургуулийн урлагийн музейгээс зохион байгуулсан Афганистаны үндэсний баялгийн үзэсгэлэнгийн орох хаалганы самбар дээр “Соёл иргэншлийн үндсэн дээр төр улс тогтнож байдаг” гэсэн англи бичээс харагдана.

Үзэсгэлэнгийн танхимд 231 ширхэг Афганистаны үндэсний баялаг болсон соёлын үнэт зүйлүүдээс өнгө өнгийн туяа цацарна. Алтан титэм, эрдэнийн чулуун зүүлт, хүрэл баримал, зааны соёогоор урласан ханын чимэглэл, өнгөт шилэн таваг...... ирсэн хүн бүхний мэлмийг баясгана. Түүний түүхий материал, хэлбэр загвар, технологи зэрэг нь Грек, Перс, Египет, Энэтхэг, Хятад зэрэг өөр өөр соёл иргэншлүүдийн онцлог шинжүүдийг бүрэн харуулна. Афганистан нь өрнө дорнын соёл иргэншлийн уулзвар гэж нэрлэгддэг ба эдгээр гайхамшигт үндэсний баялагуудаас үүнийг харж болохоор байна.

Үзэсгэлэнгийн ерөнхий дизайнер, Чинхуа их сургуулийн урлагийн музейн байнгын орлогч дарга Дү Пэнфэй, Синьхуа агентлагийн сурвалжлагчид, энэ удаагийн үзэсгэлэн нь Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурлын цуврал үйл ажиллагааны нэгэн хэсэг ба түүний эрдэм шинжилгээний үнэ өртгийг тодорхойлох нь хамгийн том онцлог болно гэжээ. Чинхуа их сургуулийн урлагийн музей нь хоёр сарын хугацаанд эдгээр үнэт өвүүдийн түүхийн хэлхээ холбоо, соёлын утга чанарыг гүнзгий судалж, 700 гаруй зураг ба арваад мянган үсгийн тайлбар хийж танилцуулсан нь үзэгчдэд дорно өрнийн соёл иргэншил нь эртний Афганистанд хэрхэн ”уулзаж”, харилцан ууссан түүхийг ойлгоход илүү дөхөм болсон байна.

2017 оны 3 дугаар сард Афганистаны үндэсний музейн эдгээр үнэт өвүүдийг анх удаа Хятадад дэлгэн үзүүлсэн. Хамгийн түрүүнд Хааны ордон музейд “Дахин цацарсан гэрэл” нэртэйгээр дэлгэн үзүүлж, Афганистаны дайн, үндэсний үймээн самууныг давж дахин гэрэл гэгээгээ цацруулж байхыг бэлгэдэн үзэсгэлэнг ийнхүү нэрлэсэн аж. Тэр цагаас хойш эдгээр үнэт өвүүд нь Хятадын Дүнь Хуан, Чэн дү, Жэн Жөү, Шэнь Жэнь, Чан Ша зэрэг газруудын музейд тавигдаж, долоо дахь дээрээ Чинхуа их сургуульд ирж байгаа нь энэ.

Афганистаны үндэсний музейн ахлах куратор Айнуддин Седакат өчигдөр ярилцлага өгөхдөө, эдгээр 231 ширхэг үзмэр нь Грек-Бактрын хаант улс, Кушаны хаант улсын үеийн үнэт өвүүдэд багтана. 2017 онд эдгээр үнэт өвийг Хааны ордны музейд өөрийн биеэрээ хүргэж ирж байсан. Энэ хугацаанд өдөр бүр 8000 гаруй үзэгч хүрэлцэн ирж Афганистаны түүх соёлтой танилцсан. Үзэгчид эдгээр үнэт өвүүдийг үзэхийн зэрэгцээ эдгээр үнэт өвүүд нь дайны гал дүрэлзсэн хүнд хэцүү бэрх үеийг туулж гарсан гашуун тавилан болон сахин хамгаалагчдын тэсвэр хатуужилд бишрэн баяссан юм” гэв.

2001 онд Талибаны гарт сүйдсэн Бамияны бурхан багшийн хөшөөг багтаасан Афганистаны нутаг дэвсгэр дээр байгаа түүхийн дурсгалт зүйлсүүд он удаан жилийн дайны хөлд үрэгдэж дуусчээ. Афганистаны үндэсний музей ч энэхүү хувь тавилангаас мултарч чадаагүй аж. Соёлын үнэт өвүүдийг хамгаалахын тулд музейн албан хаагч нар олон тооны үнэт өвүүдийг нуун далдлах буюу нүүлгэн шилжүүлжээ.

Хятадад дэлгэн үзүүлэхээс өмнө эдгээр үнэт өвүүд нь дэлхийгээр нэг тойрч, 2006 оноос эхлэн Франц, Итали, Голланд, Канад, Герман, Япон, Өмнөд Солонгос зэрэг орнуудын 20 гаруй музейд дэлгэгджээ. Энэ нь түүнийг хамгаалах нэг зүйлийн арга хэлбэр болсон байна. 2017 оны 6 дугаар сард Хааны ордон музейд гарсан үзэсгэлэн өндөрлөж, төлөвлөгөөнийхөө дагуу АНУ-ыг зорих гэсэн боловч Америкийн тал уг арга хэмжээг цуцалсан байна. Дараагийн үзэсгэлэн гаргах газрыг яаралтай олохгүй бол эдгээр үнэт өвүүдийн хувь заяа эргэж, эх орондоо буцвал ямар ч аюул осол гарч болзошгүй байв.

Энэхүү хүнд чухал цаг мөчид Хятад улс тусламжийн гараа сунгаж, Хятадын үндэсний соёлын өвийг хамгаалах газар, Хятадын үнэт өвийн солилцооны төвийн удирдлага дор дотоодын олон үнэт өвийн газар, музейнүүд хойно хойноосоо эдгээр үнэт өвүүдийг хүлээн авч, үзэсгэлэн зохион байгуулан хүн төрөлхтний соёлын өвийг хамгаалахаар тохиролцсон юм. “Торгоны замын нууц эрдэнэ”, “Соёл иргэншлийн цуурай”, “Дэлхийд гайхуулах эд эрдэнэс”...зэрэг янз бүрийн үзэсгэлэнгийн сэдвүүд нь Афганистаны гэрэл цацарсан түүх соёлыг өөр өөр өнцгөөс харуулж, түүнчлэн Хятадын нэн олон үзэгчдэд дорно өрнийн соёлын солилцоог бүрэн тусгасан эд зүйлсийг үзэх боломжийг олгосон.

Чинхуа их сургуулийн урлагийн музейд үзэсгэлэн гаргах үед, “Эдлэл өмсгөл эд гоёлд төгсгөл гэж үгүй” сэдвээр үзэсгэлэнг нэрлэхээр тохиролцсон байна. “Эдлэл өмсгөл эд гоёлд төгсгөл гэж үгүй” гэдэг нь Хятадын түүхийн сурвалж “Мү Тияньзыгийн намтар”-т гардаг ба энэ нь төрөл бүрийн эдлэл хэрэгсэл, хувцас хунар, эд зүйлс, гоёл зэргийн давтагдашгүй уран гайхалтай байдлыг бэлгэддэг.

Дү Пэнфэй хэлэхдээ, эртний Афганистаны нээлттэй хүлээцтэй байдал нь өнөөгийн цаг үед ч нөлөө тусгалаа үзүүлж, Ази Европын соёл иргэншлийн яриа хэлцэлийн үзэл баримтлалтай ч дүйж буй. Афганистан үнэт зүйлсийн үзэсгэлэнгээ олон орноор гаргаж байгаа нь соёлын үнэт зүйлсийн дипломат харилцаа ба соёлыг түгээх маш сайн үйл явдал мөн болохоор үл барам хүн төрөлхтөнд нэг улс орны түүх философийг ойлгоход тустай зүйл гэжээ.

Айнуддин Седакат хэлэхдээ, Афганистаны соёлын үнэт зүйлсийн үзэсгэлэнгийн ажилд дэмжлэг үзүүлж буй Хятад улсын Засгийн газар болон Хятадын ард түмэнд баярлаж талархсанаа илэрхийлье. Афганистаны соёлын үнэт зүйлсээр Хятадад үзэсгэлэнг гаргаж байгаа нь Хятад Афганистаны найрамдлын бэлгэдэл мөн гэжээ. Тодруулбал, Чинхуа их сургуулийн үзэсгэлэнгийн дараа эдгээр үнэт өвүүд нь Нань Жин, Хонконг зэрэг газраар зочлох юм.

Түүхэндээ Хятад улс ч гэсэн дайны галд шаналж, соёлын үнэт өвүүдээ сүйтгүүлж алдаж байсан билээ. Японы эсрэг дайны үед дайны халуун гал, дайсны хар савраас хамгаалахын тулд их хэмжээний үнэт зүйлээ өмнөд нутаг руу нүүлгэж байсан тул энэхүү хэцүү нөхцөл байдлыг гүнээ ойлгож байна.

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124496742